Дотоодын цэргийн ангиудад хүний эрхийн зөрчилтэй холбоотой шалгалт эхэллээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаагчдын хооронд эрх чөлөөнд халдсан, дэглэсэн үйлдлийн бичлэг олон нийтэд цацагдсан нь нийгэмд шуугиан тарьсан.
Энэ асуудлаар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийх, дүрмийн бус харилцааг таслан зогсоох зорилгоор Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж байна.
Ажлын хэсгийнхэн дотоодын цэргийн 05 дугаар ангид албаны бүрэн шалгалт хийж, үйл ажиллагаа нь хууль, дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхийг тодорхойлж байна.
Мөн дотоодын цэргийн бүх ангид шалгалт хийх бөгөөд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг нарийвчлан шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг тодруулан арилгах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ажлыг зохион байгуулна.
Шалгалтын дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах юм.
