Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон нутгийн галт тэрэг, нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог боллоо

Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг хангах, ая тухтай байдлыг дэмжих зорилгоор орон нутгийн чиглэлийн галт тэрэг болон нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг бүрдүүлжээ.
Орон нутгийн чиглэлийн галт тэрэгний унтлагын буюу плацкарт вагонд 20 хувь, тасалгаат буюу купе вагонд 30 хувийн хөнгөлөлттэй тарифаар зорчих боломжтой болсон байна.
Энэхүү хөнгөлөлт нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд галт тэргээр зорчих бүрд үйлчлэх бөгөөд тасалбар худалдан авахдаа холбогдох үнэмлэх, бичиг баримтаа билетийн касс дээр үзүүлэх шаардлагатай юм.
Эдгээр зохицуулалт нь холбогдох хууль, журмын хүрээнд хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 22.1.3-д зааснаар орон нутгаас албан боловсрол эзэмших зорилгоор аймаг, нийслэлд ирж сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний эх, эцэг эсхүл хууль ёсны асран хамгаалагчид ирж очих унааны зардлыг жилд нэг удаа нийтийн болон агаарын тээврийн тарифаар тооцон олгохоор заасан байна.
Мөн тус хуулийн 22.3-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл болон аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгслээр (таксинаас бусад) орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй гэж хуульчилжээ.
Эдгээр зохицуулалт нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн зорчилт, хөдөлгөөний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн оролцоог дэмжихэд бодитой дэмжлэг болж байна.
