Ө.Дэмиджамц мэргэжлийн сумогийн нэрээ Тошинофүжи болгон өөрчилжээ

Үндэсний бөхийн дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц мэргэжлийн сумод Сэйхакүхо нэрээр барилдаж байсан бол одоо Тошинофүжи нэртэй болжээ. Тэрбээр 25 настай, 195 сантиметр өндөр, 141 кг жинтэй бөгөөд Макүшита зиндааны хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Ө.Дэмиджамц Макүшитагийн 45 дэх башёд барилдаж эхэлснээс хойш таван башёд дараалан 5-2, 4-3, 5-2, 5-2, 4-3 гэсэн амжилттай барилдсан байна. Тэр 50 хувиас дээш ялалт байгуулбал “Жюүрёо” зиндаанд дэвшин сэкитори болох боломжтой юм.
Мөн Исэгахама дэвжээний 31 бөхийн 29 нь “фүжи” оролцсон нэртэй болжээ. Маэгаширагийн гурав дахь байрт эрэмбэлэгдсэн Хакүохогийн нэр Хакүнофүжи болгон өөрчлөгдсөн байна. Нэгдүгээр сарын башёд Макүүчи зиндаанд улсын гарьд Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамьянтогтох анх удаа дэвшин барилдах гэж байна.
