2026 оноос хэрэгжих хууль, шийдвэрүүд: Багш, эмч нарын цалин нэмэгдэнэ

2025-12-26 08:301min
20251226-083040-file.jpeg
2026 оны нэгдүгээр сараас багш, эмч нарын үндсэн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын тэтгэмжийг өвлүүлэх, ахмад настны тэтгэврийг нэмэх зэрэг хууль, шийдвэрүүд хэрэгжиж эхэлнэ.

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс цалинг 26 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэх бөгөөд 2026 оны долоодугаар сарын 1-нээс дахин нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг суулгасан байна.

Мөн эмч нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сараас 30 хувиар нэмэгдүүлж, одоогийн 1.1 сая төгрөгөөс 2.04 сая төгрөгт хүргэнэ. Залуу эмч нарын цалинг 1.4 сая төгрөгөөс 1.9 сая төгрөг болгон нэмэх бөгөөд жилийн турш үе шаттайгаар 75 хувиар нэмэгдүүлж, 2026 ондоо багтаан 3 сая төгрөгт хүргэхээр төлөвлөжээ.

Төрийн албан хаагч нас барсан тохиолдолд 36 сарын тэтгэмжийг ар гэрт нь нөхөн олгох зохицуулалт 2026 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ нь хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлэхгүй байх зорилготой юм.

Ахмад настны тэтгэвэр 2026 оны нэгдүгээр сараас 80 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан гэж мэдээлсэн.

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн 176 гэрэл дохиотой уулзварт 1606 AI камер суурилуулсан бөгөөд эдгээр нь улсын дугаар, хурд, гэрэл дохио зөрчих зэрэг 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм.

Онцгой байдлын албан хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиас 40 хувь болгон 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлнэ. Шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхээр болсон байна.

Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэгээр тогтоож, энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхээр шийдвэрлэв.