Ерөнхий сайд татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаахгүй байхыг анхаарууллаа

2025-12-24 13:001min
20251224-130054-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг шууд хаах арга хэмжээг зогсоож, зөвлөн туслах хэлбэр рүү шилжих шаардлагатайг онцлов. Тэрбээр жижиг татвар төлөгчдийн дансыг хаах нь татварын орлого нэмэгдэхгүйг дурдсан юм.

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаахгүй байхыг анхаарууллаа. Тэрээр татвар төлөгчдийн дансыг шууд хааж албадлагын арга хэмжээ авах байдлыг халж, зөвлөн туслах хэлбэр рүү шилжих шаардлагатайг онцлов.

Ерөнхий сайдын хэлснээр, 20-30 мянган жижиг татвар төлөгчдийн дансыг хааснаар их хэмжээний татварын орлого орж ирдэггүй бөгөөд асуудлыг мушгиж, хэтрүүлж олон дансыг хаах нь нийгмийн бухимдлыг төрүүлэх эрсдэлтэй юм. Татварын өрийн дийлэнх нь 100 гаруй томоохон татвар төлөгчдөөс үүссэн байдаг гэж тэрбээр тэмдэглэв.

Мөн ногдуулалтын өр, актын өрийг ялгаж салгахгүй байгааг шүүмжилж, шүүхийн шийдвэргүйгээр хүний өмч хөрөнгөд халдаж буй асуудал яригдаж байгааг дурдав.

Татварын байцаагчид татвар төлөгчидтэйгээ нягтлан бодох бүртгэлийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, татвараа төлөх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг өгч ажиллахыг Ерөнхий сайд зөвлөв. Түүний хэлснээр, шууд дансыг хаах нь татварыг төлөх боломжийг хязгаарлаж, эрүүл, үр ашигтай механизм бий болгох шаардлагатай байна.