“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээний хүрээнд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтертайнмент орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэрэг үйлчилгээг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэлжээ.
Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж байна.
Мөн өдөр бүр 18:00-19:00 цагийн хооронд урлагийн тоглолт зохион байгуулж, иргэдэд шинэ жилийн уур амьсгалыг мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг олгож байна. “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллана.
