Д.Сэргэлэн 22 жил өргөмжит консулаар ажиллаж байна

2025-12-23 21:301min
20251223-213055-file.jpeg
Террил Атиензагийн хэрэгтэй холбоотойгоор өргөмжит консул Д.Сэргэлэнгийн үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр 22 жил Австри улсад өргөмжит консулоор ажиллаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол эргүүлэн татагдах боломжтой.

Монгол Улсад үйлчлэгчээр ажиллаж байгаад амиа алдсан Террил Атиензагийн гэр бүл саяхан Филиппинээс ирж, хаагдсан хэргийн материалыг судалсны үндсэн дээр дахин шалгуулах хүсэлт гаргасан байна.

Террил Атиензаг Сингапур улсаас авч ирэхэд Австри улсад өргөмжит консулаар ажилладаг Д.Сэргэлэн нөлөөлсөн гэх мэдээллийг гэр бүлийнхэн нь эрэн сурвалжлах нэвтрүүлэгт дурдсан байна.

Д.Сэргэлэн нь Бүгд Найрамдах Австри улсад 22 жил өргөмжит консулын албан тушаал хашиж байгаа бөгөөд 2003 онд энэ албан тушаалд томилогдсон юм.

Австри улсаас Монголд элчин сайдын яам байхгүй тул тухайн орны иргэнийг сонгон, өөрийн Засгийн газрыг төлөөлүүлэн өргөмжит консулоор ажиллуулдаг.

Салбарын сайд Б.Батцэцэгийн мэдээлснээр, Д.Сэргэлэн цалин хангамж авдаггүй, ямар нэг дипломат эрх ямба эдэлдэггүй бөгөөд хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол Австрийн Засгийн газарт уламжлан, эргүүлэн татах асуудлыг хөндөж болох аж.

Мөн Филиппиний Засгийн газар болон Элчин сайдын яамнаас хохирогч иргэдтэй холбоотой гомдол мэдээлэл Монголд ирээгүй гэж мэдэгдэв.