Баянхонгорын үнэт металлын лаборатори 2025 онд 3000 кг алт хайлж, 820 гулдмай үйлдвэрлэв

2025-12-22 16:021min
20251222-160159-file.jpeg
Баянхонгор аймгийн үнэт металлын сорьц тогтоох лаборатори 2025 онд 3000 кг алт хайлж, 820 ширхэг алтан гулдмай үйлдвэрлэн сорьц тогтоосон бөгөөд үйл ажиллагаа жил бүр идэвхжиж байна.

Баянхонгор аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх Үнэт металлын сорьц тогтоох лаборатори 2025 онд 3000 кг үнэт металл хайлж, 820 ширхэг алтан гулдмай үйлдвэрлэн сорьц тогтоосон байна.

Энэхүү лаборатори нь 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүдийн олборлосон алтыг сорьцолж, “Эх орны баялгийг эрдэнэсийн сандаа” тушаах нөхцлийг бүрдүүлдэг.

Лаборатори нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Стандарт, хэмжилзүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран орон нутагт анх удаа байгуулсан юм. Улсын хэмжээнд Баянхонгор болон Дархан-Уул аймагт тус лабораториуд үйл ажиллагаа явуулдаг.

Үйл ажиллагааны жилийн үзүүлэлтүүд:
2018 онд 81 кг алт хайлж, 88 ширхэг алтан гулдмай үйлдвэрлэв.
2019 онд 651 кг алт хайлж, 452 ширхэг гулдмай гаргав.
2020 онд 1164 кг алт хайлж, 606 ширхэг гулдмай хийсэн.
2021 онд 1250 кг алт хайлж, 578 ширхэг гулдмай үйлдвэрлэв.
2022 онд 1395 кг алт хайлж, 710 ширхэг гулдмай гаргасан.
2023 онд 2185 кг алт хайлж, 922 ширхэг гулдмай үйлдвэрлэв.
2024 онд 2723 кг алт хайлж, 868 ширхэг гулдмай гаргасан.
2025 онд 3000 кг алт хайлж, 820 ширхэг алтан гулдмай үйлдвэрлэж сорьц тогтоосон нь лабораторийн үйл ажиллагаа жил ирэх тусам идэвхжиж байгааг илтгэнэ.