Шүүхэд ажиллаж эхэлсэн сэтгэл зүйчдийн дэмжлэгээр гэр бүлүүдийн эвлэрэлт нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулах зохицуулалт хийгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх” тухай санамж бичгийг 2024 оны тавдугаар сард байгуулжээ.
Тус санамж бичгийн хүрээнд 2024 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газарт хоёр сэтгэл зүйч ажиллаж байна.
Гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан иргэд ихэвчлэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, үл ойлголцол, гомдол, буруутгал, айдас түгшүүртэй байдаг тул сэтгэл зүйчийн дэмжлэг нь сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг бууруулж, шийдвэр гаргахдаа илүү бодитой хандах, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг ухамсарлахад нөлөөлж байна.
Шүүхэд сэтгэл зүйч ажиллаж эхлэхээс өмнөх гурван сарын хугацаанд буюу 2024 оны тавдугаар сараас наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 гэр бүл эвлэрсэн бол сэтгэл зүйч ажилласнаар дараагийн гурван сарын хугацаанд 24 гэр бүл эвлэрсэн байна.
Сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлалтай хамтран ажилласнаар гэр бүлийн маргааны амжилттай шийдвэрлэлт 1.7 хувиар нэмэгдсэн үр дүн гарчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрлэлт цуцлалтын түвшинг бууруулах зорилт тусгагдсан байна.
Иймээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээнд мэргэжлийн сэтгэл зүйчийн оролцоо чухал болохыг харгалзан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эвлэрүүлэн зуучлах багийн бүрэлдэхүүнд сэтгэл зүйчийг оролцуулах санал Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүргүүлж байгаа тухай мэдээлэв.
