Хот хоорондын автобусны үйлчилгээний үнэ шатахууны үнийн өсөлттэй холбоотой нэмэгдлээ

Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компаниуд шатахуун, тослох материалын үнийн өсөлттэй холбоотойгоор үйлчилгээний үнээ нэмэх саналыг ирүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотоос Булган аймаг руу зорчих том хүний төлбөр 32,800 төгрөгөөс 40,200 төгрөг болж өссөн бол Сэлэнгэ аймаг руу зорчиход 23,800 төгрөгөөс 32,400 төгрөг болж нэмэгдсэн байна. Энэхүү тарифын өөрчлөлтийг маргаашнаас дээрх аймгуудад мөрдөж эхлэхээр болжээ.
Өнгөрсөн долдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нефтийн үнэ литр тутамдаа 350-670 төгрөгөөр өссөн бөгөөд хот хоорондын нийтийн тээврийн нийт зардлын 70 хувийг шатахуун, тослох материал эзэлдэг байна.
Авто тээврийн газраас судалгаа хийсний үндсэн дээр дээрх зохицуулалтыг хийсэн бөгөөд улсын хэмжээнд өдөр тутамд 63 чиглэлд автобус үйлчилгээнд гардаг аж.
Бүх аймгууд руу үйлчлэх нийтийн тээврийн үнийг өсгөх санал ирсэн тул шат дараатайгаар тарифыг нэмэх арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна.
