Н.Учрал МАН-ын даргаар сонгогдож, намын эв нэгдлийг чухалчилна гэв

МАН-ын их хурлын 2247 төлөөлөгчийн 94.7 хувийн олонхийн санал авч УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал МАН-ын даргаар сонгогдлоо.
МАН-ын даргад Н.Учрал болон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар нэр дэвшин өрсөлдсөн юм.
Н.Учрал эв нэгдлийг хангаж ажиллахын зэрэгцээ авлига, ашиг сонирхлын хэрэгт нэр холбогдсон намын гишүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгохыг дэмжиж байгаагаа мэдэгдэв.
Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж, Засгийн газрын танхимд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг алба хашиж байсан бөгөөд одоо Эдийн засаг, хөгжлийн сайдын албыг хашиж байна.
МАН-ын Их хурлаар маргааш намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх бөгөөд шинэчилсэн дүрэмд МАН-ын дарга Ерөнхий сайд байхгүй байх тохиолдолд шинэ дарга УИХ-ын дарга болох магадлал өндөр байна.
