Б.Энхбаяр: Д.Амарбаясгалан яллах тогтоолтойгоо танилцан, гарын үсэг зурсан тухай мэдээлэл авсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлаар гурван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан болохыг мэдэгдэж Д.Амарбаясгалан яллах тогтоолтойгоо танилцан, гарын үсэг зурсан тухай мэдээлэл авсан гэв.
Тэрбээр 2025 оны есдүгээр сард НТВ телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар болон Д.Амарбаясгалан нартай холбоотой тодорхой асуудлыг хэлэлцсэн тухай дурдсан. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу нэр андуурч зурвас бичиж, гэрчийг хамгаалалтад авах асуудлыг ярьсан нь мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байгаагүйг онцлов.
Тэрхүү зурвас нь 2019 оны зургаадугаар сарын 19-нд бичигдсэн бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 хувийг алдсан гэсэн агуулгатай, тус компанийн охин компаниуд болон Бортээгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцсэн байна.
2020 онд Засгийн газрын тогтоолоор энэхүү охин компанийг татан буулгаж, Бортээгийн лицензийг шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд энэ асуудал нь хэн нэгний ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүйг сайд онцоллоо.
Сайд Б.Энхбаяр уг асуудлаар 2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байна.
