Засгийн газар төрийн гэрээ, тогтоолуудыг ил тод болгож, нууцлал бууруулахад анхаарч байна

2025-11-12 16:461min
20251112-164602-file.jpeg
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төрийн гэрээ, тогтоолуудыг ил тод болгож, төрийн нууцын жагсаалтыг шинэчлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа. Ил тод байдал нь авлигын эсрэг хамгийн том дархлаа гэдгийг онцлов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон чухал шийдвэр гарснаа танилцууллаа. Тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарын баримталж буй гол зарчмын нэг нь иргэдэд ил тод, нээлттэй байх бөгөөд энэ хүрээнд “Нээлттэй төр, нээлттэй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг онцлов.

Сүүлийн жилүүдэд төрийн болон албаны нууцад хамаарах гэрээ, тогтоолуудыг нээлттэй болгож байгаа бөгөөд 2010-2025 оны хооронд Эрдэнэс Тавантолгой компанийн байгуулсан 581 нүүрсний гэрээг ил болгож, Оюу толгойн холбогдох гэрээ, тогтоолуудыг үе шаттай нээлттэй болгох ажлыг зохион байгуулж байна. Мөн олон улсын төмөр зам, хил холболтын гэрээ, хэлэлцээрүүдийг ил тод болгох ажил үргэлжилж байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчилж, төрийн нууцын жагсаалтыг УИХ-аар батлуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар болсон бөгөөд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигт хамаарах асуудал л төрийн нууц байх ёстойг онцолсон.

Өмнө нь төрийн албаны нууцаар халхавчлан хууль бус үйлдлээ нуун дарагдуулж, томоохон гэрээ хэлцлийг далд хийдэг явдал газар авсан тул үүнийг таслан зогсоохыг зорьж байна. Засгийн газрын 574 тогтоолоор нууцалсан асуудлуудыг нээлттэй болгож, төрийн байгууллагууд өөрсдөө “албаны нууцын жагсаалт” гаргаж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарладаг явдлыг зогсооно.

Иргэдийн мэдэх эрхийг хангахгүй бол авлигатай тэмцэх боломжгүй бөгөөд ил тод, шилэн байдал нь авлигын эсрэг хамгийн том дархлаа гэдгийг онцолсон байна. Иймд төр засаг ард түмнээсээ нуух зүйлгүй байх зарчмыг баримталж, хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.