МАH-ын даргын сонгуульд нэрээ татсан Д.Амарбаясгалан намын эв нэгдлийг эрхэмлэв

Монгол Ардын Намын Их хурал энэ амралтын өдрүүдэд болох бөгөөд уг хурлаар намын даргыг сонгох юм. Нэгдүгээр шатны сунгаанд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, Д.Амарбаясгалан ялалт байгуулсан билээ. Гэвч Их хурлаар дахин өрсөлдөх байсан ч Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ татсан бол УИХ-ын гишүүн, намын дарга Д.Амарбаясгалан ч мөн нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.
Д.Амарбаясгалан “Монгол Ардын Намын гишүүд, эрхэм журмын нөхөд өө, найман жил намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн сорилттой үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулж, бодит шийдэл гаргасан. Намын гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэгээр Ерөнхийлөгчийн сонгууль болон Улсын Их Хурлын гурван удаагийн сонгуулийн ялалтыг байгуулж, Монгол Ардын Намыг тогтвортой, орчин үеийн институци болгон төлөвшүүлэхэд хүчин зүтгэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын төлөөлөх чадвар нэмэгдэж, жендэрийн харьцааны хувьд Азид тэргүүлэгч болсон нь ардчиллын олон ургалч үзлийг бэхжүүлсэн түүхэн алхам болсон. Энэ нөхцөлд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээх, намын эв нэгдлийг бэхжүүлэх, 2027, 2028 оны сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь чухал гэж үзэн намын даргын албан тушаалд нэр дэвшихгүй байх шийдвэр гаргасан” гэжээ.
Тэрбээр улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрч, нийгэмд үл ойлголцол үүсгэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь намын эв нэгдэл, төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл байдал гэж үзэж байна.
Д.Амарбаясгалан төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж, Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас хүсэлтээр чөлөөлөгдсөн гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг цаг хугацааны шалгуураар ялгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид намын эв нэгдлийг бататгах, улс төрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, намын даргын албан тушаалд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв.
