Ноорог креатив студио захирал О.Уламсайхан хутгалуулж, эмнэлэгт хүргэгдэв

“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч О.Уламсайхан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны үүрээр Цэргийн төв эмнэлэгт мэс заслын яаралтай тусламж авч, олон нийтийн анхаарлыг татжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ихмонгол” хороололд гэр рүүгээ орж явахдаа иргэн Д.Д-тэй маргалдаж, цээж болон гарт нь 2-3 удаа хутгалуулсан байна.
Гэрчийн мэдээллээр хэрэг гарсны дараа цагдаа, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, хохирогчийг эмнэлэгт хүргэсэн бол Д.Д-г цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа аж. Олон нийтийн сүлжээнд зарим хүмүүс үйл явдлыг гуйвуулан, “Шөнөөр гэрт нь дайрч орж, эхнэрийг нь хүртэл цохиж аваад хутгалуулсан” гэх мэтээр мэдээлэл тарааж байгаа ч уг хэрэг байрны гадна болсон ахуйн маргаан болохыг эх сурвалжууд баталж байна.
О.Уламсайханы найз нөхөд нь түүний биеийн байдал хүнд байгааг онцолсон бөгөөд олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай сөрөг сэтгэгдэл, баталгаагүй мэдээлэл нь ар гэрийнхэнд нь сэтгэл санааны дарамт болж байгааг анхааруулжээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
