Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татав

Ерөнхий сайд Г.Занданшатар улс орны эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байгааг онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд авлига, баялгийн хулгайтай тэмцлийг тууштай үргэлжлүүлж, иргэдийн орлого, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан асуудлыг шийдэхэд Засгийн газар эрчтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Тэрбээр баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй бөгөөд албан тушаал биш, улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал болохыг онцолж, байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө тууштай тэмцэхээ мэдэгдлээ.
