Угаар мэдрэгчийн дохиоллоор цахилгааны галын аюулаас хүүхдүүдийг аварчээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, цахилгаанаас үүдэлтэй гал гарсныг угаар мэдрэгч төхөөрөмж илрүүлж, хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалсан нэгэн гэр бүлийн туршлагыг сонслоо.
Оршин суугч Ж.Нарантуяа энэ тухайд, гэртээ дөрвөн хүүхэдтэйгээ унтаж байсан шөнө 03:00 цагт тогны утас масслаж, цахилгаанаас үүдэлтэй гал гарсан ч угаар мэдрэгч төхөөрөмж нь дохио өгсөнөөр хүүхдүүд сэрж, аюулыг эрт илрүүлсэн гэдгээ хуваалцав. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс дуудлага ирсэн ч түр хугацаанд холбогдож чадалгүй, удалгүй төвийн ажилтнууд ирж нөхцөл байдлыг шалгасан байна.
А.Амартүвшин орлогчийн мэдээлснээр, угаар мэдрэгчийн дохиолол нь тог цахилгааны асуудлаас үүдэлтэй байсан бөгөөд иргэдэд тог цахилгааны аюулгүй байдлыг сайжруулж, гэр бүлээ хамгаалахыг уриалж байна. Нийслэлд 397 цэгээр түлш борлуулж байгаа бөгөөд түлшний хомсдол арилж, нөөц жигдэрсэн байна.
Иргэд түлштэй холбоотой асуулт, тодруулга авахыг хүсвэл 24 цагийн турш ажиллаж буй Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9410 дугаарт холбогдох боломжтойг онцлов.
