Төгсөх ангийн сурагчид ЭХЭМҮТ-д 100 сая төгрөгийн мэс заслын тоног төхөөрөмж хандивлав

2025-11-11 17:041min
20251111-170438-file.jpeg
Төгсөх ангийн сурагчид ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт 100 сая төгрөгийн өртөг бүхий мэс заслын багаж, тоног төхөөрөмж хандивлажээ. Энэхүү тоног төхөөрөмж нь төрөлхийн нүүрний гажигтай хүүхдүүдийн эмчилгээнд чухал ач холбогдолтой юм.

Төгсөх ангийн сурагчид хандивын аян санаачлан, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ) Эрүү нүүрний мэс заслын тасагт 100 сая орчим төгрөгийн өртөг бүхий мэс заслын багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Энэхүү тоног төхөөрөмж нь төрөлхийн сэтэрхий, зуултын гажигтай, нүүр төрхийн хэлбэр алдагдалтай хүүхдүүдийн эмчилгээнд зайлшгүй шаардлагатай юм гэж тус тасгийн эрхлэгч Ж.Эрдэнэцогт онцолсон байна.

Хандивын аяныг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “The Brilliant Minds Global” ТББ болон “Менторшип 2025” хөтөлбөр хамтран зохион байгуулж, 112 ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцсон бөгөөд тэд АНУ-ын их, дээд сургуульд элсэн суралцахаар бэлтгэж байна.

Сурагчид хандивын аяныг олон хүн дэмжиж, тоног төхөөрөмжийг авч өгсөндөө баяртай байгаагаа илэрхийлж, сургалтын явцад вакцин болон эрүүл мэндийн талаарх мэдлэгээ дээшлүүлсэн тухайгаа хуваалцсан байна.

ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Эрдэнэцогт хэлэхдээ, ясны мэс заслын хөрөө, иж бүрдэл багаж нь хүүхдүүдийн нүүр төрхийн гажгийг засахад чухал бөгөөд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ийм эмчилгээний зардал дунджаар 20 орчим сая төгрөгт хүрдэг байна. Одоо эдгээр багажийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү хандивын арга хэмжээнд 1,000 гаруй хүн оролцсон бөгөөд тоног төхөөрөмжийг Швейцар улсаас захиалан авчирсан байна.