Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн нээлээ

2025-11-11 16:021min
20251111-160220-file.jpeg

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг 2025 оны арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг шалгаруулах юм.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилгоор тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хотын загварыг бий болгох зорилгоор тус сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлэхдээ, “Хүннү хотыг олон төвт хот, нийтийн тээвэрт тулгуурласан хотын хөгжил, ногоон ба саарал дэд бүтцийн нэгдсэн хөрөнгө оруулалтын системээр хөгжүүлэхээр төлөвлөж байна. Авто зам, инженерийн шугам сүлжээ, бүсчлэлийн дүрэм зэрэг бүтээн байгуулалтын болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа хувийн хэвшилд төсөл сонгон шалгаруулах зарчмаар төслийн газрыг санал болгоно. Энэ нь зөвхөн барилга барих асуудал биш, бодлого, итгэл, оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүн юм” гэж онцолсон.

Мөн олон улсын уралдаант сонгон шалгаруулалтын шүүгчдийн шийдвэр, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, Хүннү хотын бүтээн байгуулалтад оролцуулахыг зорьж байгаагаа тэмдэглэв.

Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд байрлах бөгөөд 31,503.1 га талбайг хамарч, засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их, дээд сургуулийн цогцолбор, өндөр технологийг дэмжсэн тусгай чиг үүрэгтэй хот болохоор төлөвлөгдөж байна.