НИТХ “Байгаль 360” төслийн багт тэтгэлэг гардууллаа

2025-11-11 20:381min
20251111-203843-file.jpeg
НИТХ болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл оюутны “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгаль 360” төслийн багт тэтгэлэг гардуулжээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан оюутны “Менторшип” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинтой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр шалгарсан “Байгаль 360” төслийн багт НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооноос тэтгэлэг гардууллаа. Тус арга хэмжээг Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан юм.

НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа хэлэхдээ, “НИТХ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ менторшип хөтөлбөр нь нүдээ олсон, зөв ажил болсон гэдгийг оюутнуудын илтгэлийн танилцуулгаас харж байна. Байгаль орчноо хамгаалах, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой энэхүү төслийг Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж онцолсон.

Мөн НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүд Ч.Батзориг, Т.Батцогт, Д.Отгонсүрэн, А.Амартүвшин болон Экологийн цагдаагийн албаны дарга М.Батсайхан шилдэг төслийн багт тэтгэлэг гардуулсан байна.

Ч.Батзориг “Байгаль 360″ төслийн баг маш сайн судалгаа хийсэн бөгөөд байгаль орчны холбогдолтой гэмт хэргийн илрүүлэлт сүүлийн 5 жилд нэмэгдсэн нь сайшаалтай. Технологийн шийдлийг экологийн салбарт ашиглан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг тайлбарласан” гэж хэлжээ.

Оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, менторын зөвлөгөө, чиглүүлэг авсан нь төслийн судалгаа хийхээс гадна цаашдын хичээл сурлагад нь үр дүнтэй түлхэц үзүүлж байгааг илэрхийлсэн байна.

“Менторшип” хөтөлбөрийн 1-р шатанд 800 гаруй оюутан бүртгүүлж, 400 оюутан тэнцсэн бөгөөд 2-р шатанд шилдэг 10 баг буюу 100 оюутан шалгарсан юм.

Ийнхүү өнөөдөр “Байгаль 360” төслийн багт тэтгэлэг гардуулсан бол маргааш буюу 11-р сарын 12-нд НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо Deepfake ашиглан үйлдсэн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр бичсэн шилдэг төслийн багт тэтгэлэг гардуулахаар төлөвлөжээ.