Томуу, томуу төст өвчний үед 0-6 насны хүүхэдтэй эцэг эхэд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

2025-11-11 12:561min
20251111-125600-file.jpeg

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв мэдээлснээр, 5 хоногийн цалинтай чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно. Үүнд, өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэгт хамрагдсан байх; томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндэрч магадгүй эрсдэлтэй байх; 0-6 насны хүүхэдтэй бөгөөд эцэг эхийн асран хамгаалал, хяналт зайлшгүй шаардлагатай байх зэрэг орно.

5 хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай бөгөөд цалинг бүтнээр нь олгох тогтоол юм. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын дагуу олгоно. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлсэн байна.

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед 7 хоногт 13-42 мянган хүн амбулаториор үзүүлж, 1,600-4,600 хүн хэвтэн эмчлүүлдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд бөгөөд үүний 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг. Амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг тул энэхүү чөлөөний хуудсыг олгох шаардлага үүсдэг.