Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бодлогын Тинк Танк зөвлөлөө танилцуулна

2025-11-11 14:011min
20251111-140131-file.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад шинжлэх ухаанд суурилсан, бодит хэрэгцээнд тулгуурласан шийдэл санал болгох зорилго бүхий “Хөгжлийн орон тооны бус зөвлөл” буюу “Тинк Танк” байгуулагдаж байна. Энэхүү зөвлөлийг энэ долоо хоногт олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.

Өмнө нь Засгийн газруудаас олон тооны хороо, зөвлөл байгуулж байсан ч энэ удаагийн зөвлөл нь орон тооны бус, “Тинк Танк” хэлбэрээр ажиллах бөгөөд гишүүд нь намын харьяалал, нас, туршлага, мэргэжлээрээ харилцан адилгүй нийт 20 гаруй экспертээс бүрдсэн нь онцлог юм.

Зөвлөл нь нийгэм, эдийн засаг, технологи ба инноваци, байгаль орчин, хот төлөвлөлт, гэр бүл, залуучууд гэсэн таван үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг нэгтгэн ажиллах юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Дарга бүхнийг мэдэх албагүй” гэсэн зарчмыг баримталж, зөвлөлийн гаргасан зоримог шийдэл, саналыг ажил хэрэг болгох томоохон сорилт тулгарахыг онцолсон. Энэхүү “Тинк Танк” бодит үр дүнтэйгээр хэрэгжиж эхлэх нь олон жилийн турш яригдсан бодлогын шинэ үеийн эхлэл болох боломжтой гэж үзэж байна.