Иргэд өдөрт 6000-7000 замын зөрчил 102 аппликейшнд мэдээлж байна

2025-11-11 11:511min
20251111-115103-file.jpeg

Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран 2025 оны есдүгээр сард “102 Police” аппликейшныг нэвтрүүлсэн бөгөөд энэ аппликейшнаар иргэд явган хүний зам, автобусны буудлын орчим болон удаан зогсох хориотой газруудад зогссон автомашины зөрчлийг мэдээлэх боломжтой болсон.

Иргэдийн мэдээллийн үндсэн дээр торгууль ногдуулж, торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр иргэдэд олгох зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар “102 Police” аппликейшныг 156 мянган хүн татаж, 53 мянган зөрчлийг мэдээлсэн байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 17,894 зөрчлийг хяналтын камер болон албан тушаалтнаар баталгаажуулжээ. Иргэд өдөрт дунджаар 6,000-7,000 зөрчлийг аппликейшнээр илгээж байна.

Урамшууллыг улирал бүрийн 20-ны өдөр олгох бөгөөд зөрчил баталгаажиж, торгуулийг бүрэн төлсөн тохиолдолд 20 хувийн урамшуулал авна. Зөрчлийн тухай хууль болон холбогдох журамд торгуулийн хугацаа, нэмэгдэл хүүгийн талаар тодорхой зохицуулалт бий.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулах боломжтой гэж заасан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор зөрчил илгээсэн иргэдэд урамшуулал олгох журам хэрэгжиж, “102 Police” аппликейшнийг илүү хялбар ашиглах үүргийг НИТХ-ын дарга А.Баяр өгсөн байна.