Нийслэлийн иргэд газраа өмчлөх хүсэлтээ цахимаар илгээх боломжтой боллоо

Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахимаар илгээх боломжтой болжээ. Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлснээр, иргэд Egazar.gov.mn цахим системийн “иргэн” хэсгийг сонгон, ДАН хайлтын системээр нэвтэрч, үйлчилгээ цэсний “Газрын хүсэлт илгээх” сонголтоор орж, өөрийн нэр дээр бүртгэлтэй нэгж талбаруудаас эзэмшиж буй газраа сонгож, шаардлагатай мэдээллийг бөглөн хүсэлтээ илгээдэг байна. Харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт автоматаар очдог аж.
Мөн иргэд гаргасан хүсэлтийн хариуг Egazar.gov.mn цахим системийн “Хүсэлтийн жагсаалт” хэсгээс шалгах боломжтой юм.
2003 оноос 2025 оныг хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт 213,209 иргэнд 11,375.8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.
