Хотын дарга Х.Нямбаатар хиймэл оюун ухааныг зарим ажлын байранд ашиглахыг үүрэг болголоо

2025-11-11 09:061min
20251111-090614-file.jpeg

2025 онд Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулж, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн ажил хийжээ.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгох хэлэлцээрүүдийг өнгөрсөн хавраас эхлэн хийж байна. Хотын зүгээс Туулын хурдны зам, тойрог хурдны зам, метро, трамвайны төслүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан инженерингийн төлөвлөлтийг хийхээр зорьж байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар зарим ажлын байранд хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглан ажлыг хөнгөвчлөх, шуурхайлах чиглэлд анхаарахыг үүрэг болголоо. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хиймэл оюун ухаан салбар бүрт нэвтэрч байна. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, зарим тохиолдолд орлох боломжтой салбар, ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглах шаардлага үүсч байна. Ялангуяа бэлэн өгөгдөл дээр ажиллах, тайлан, тооцоо гаргах зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэж онцолсон байна.