Улаанбаатарт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад орсноор өвлийн эрчим хүчний хязгаарлалтаас сэргийлэв

2025-11-11 08:011min
20251111-080126-file.jpeg

Улаанбаатар хот 2024-2025 оны өвлийн улиралд эрчим хүчний хязгаарлалтаас ангижирч, тог цахилгаантай, дулаан өвөлжих боломж бүрдсэн нь дотоодын хөрөнгө оруулалтаар баригдсан гурван цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлсний үр дүн юм. Тодруулбал, хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Үүний үр дүнд 150 МВт хүчин чадалтай эхний блокыг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Үүний дараа 2025 оны аравдугаар сарын 16-нд Бөөрөлжүүт станцын хоёрдугаар блокийг 150 МВт хүчин чадалтайгаар ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь төвийн системийн эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлжээ. Мөн 2024 онд ашиглалтад орсон Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнийн цагаар үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, өвлийн оргил ачааллын үед системийн ачааллыг хуваалцахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, дунджаар 1245 МВт ачааллыг үүрдэг бөгөөд улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг нийслэл дангаар бүрдүүлдэг. 2023-2024 оны шилжих өвлийн улиралд 200 МВт чадлын дутагдал үүсэж, нийслэл даяар эрчим хүч тасалдаж байсан ч дээрх станцуудын ашиглалтад орсноор 2024 оны өвөл цахилгаан тасралтгүй нийлүүлэгдсэн.

Түүнчлэн 2024 оны зун ТЭЦ-3 станцад осол гарсан ч Бөөрөлжүүтийн хоёрдугаар блокыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулснаар эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгасан байна. Иймд 2025-2026 оны өвөл Улаанбаатар хот цахилгааны хязгаарлалтаас ангид байх нь тодорхой болжээ.

Цаашид 2026 онд нийслэл болон Монгол Улсын эрчим хүчний сүлжээг өргөтгөх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар ДЦС-5, хийн болон дулааны 5-7 станцыг үе шаттай барьж эхлэхээр төлөвлөж байна.