Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 997 хүүхэд суралцаж, 39-ийнх нь тэтгэлэг зогсож, 26-ыг түдгэлзүүлжээ

2025-11-11 07:011min
20251111-070134-file.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаадын их, дээд сургуульд суралцаж буй хүүхдүүдийн төлбөрийг цаг хугацаанд нь шилжүүлэх асуудлаар эцэг, эхчүүд мэдээлэл хийсэн бөгөөд үүнд Боловсролын Зээлийн Сангийн Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаа хариу тайлбар өглөө.

Тэрбээр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн уг тэтгэлэг нь жил бүр 500 хүртэл оюутныг Монголд хэлний бэлтгэлд, гадаадад бакалаврын түвшинд суралцах үндсэн зардлыг хариуцдаг бөгөөд 2022-2025 онд нийт 1,100 хүүхдэд 100 тэрбум төгрөг олгосон гэж мэдээлэв.

Гол асуудал нь өмнөх улирлын дүнгээ ирүүлж байж дараагийн улирлын санхүүжилтээ авах ёстой ч зарим сурагчид хугацаандаа дүнгээ ирүүлээгүйгээс санхүүжилтээ авахгүй байгаа бөгөөд зарим нь сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, фитнесийн зардлыг хүртэл нэхэмжилдэг гэж тайлбарлав.

Мөн Хятадад суралцаж буй сурагчдын дүнг ирүүлэх асуудал удааширсан бөгөөд Англид суралцаж буй зарим хүүхэд жилээр төлбөрөө авсан ч хичээлээ бүрэн судалж дуусаагүй тохиолдлууд гарч байгааг онцлов.

Ерөнхийлөгчийн тэтгэлэгтэй 1,100 хүүхдээс 997 нь идэвхтэй суралцаж байгаа бол 39 хүүхдийн тэтгэлгийг зогсоож, 26 хүүхдийг түдгэлзүүлсэн бөгөөд амжилтгүй суралцсан хүүхдүүдийн санхүүжилтийг зогсоож, түдгэлзүүлсэн хугацааны санхүүжилтийг хүүхэд өөрөө хариуцна гэж мэдэгдэв.

Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хяналттай зарцуулах шаардлагатайг онцолсон байна.