Гэр хорооллын айл өрхөд шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт 2017 оноос хэрэгжиж байна

2025-11-03 19:161min
20251103-191627-file.jpeg

Шөнийн тарифын хөнгөлөлт нь Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээг орой, шөнийн цагаар хөнгөлөх зорилгоор 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн дэмжлэгийн арга хэмжээ юм. Энэ хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилдэг.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн хэрэглэгчид хамрагдах бөгөөд цахилгааны үлдэгдэл төлбөргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгавартай тарифт тоолууртай байх шаардлагатай.

Хөнгөлөлт оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээнд тооцогддог бөгөөд 220В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 1500 кВт.ц хүртэлх хэрэглээг 100%, хязгаараас давсан хэрэглээг 50% хөнгөлнө. Харин 380В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 3000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100%, хязгаараас давсан хэрэглээг 50% хөнгөлнө.

Цахилгааны төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хэрэглээний 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн гурван шатлалт тарифаар үржүүлэн нийлбэр дүнг тооцоолдог.

Энэхүү хөнгөлөлт нь гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээг хэмнэх, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодлогын нэг хэсэг юм.