Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах ‘Туул Усан цогцолбор’ төслийг хэрэгжүүлнэ

“Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулан Улаанбаатар хот болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилготой юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээлснээр, усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5,569 ам метр талбайд хэрэгжихээр төлөвлөгдсөн байна.
Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсны гүн 19.84 метр байхаар техникийн эдийн засгийн үндэслэлд тусгагдсан байна.
Төслийн хүрээнд гадаргын ус ашиглах боломжийг нээж, усны нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой ус хангамжийг бий болгохоос гадна үерийн эрсдэлээс хамгаалах, голын экологи, орчны тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон эерэг нөлөөлөл үзүүлэхээр төлөвлөжээ.
Одоогийн усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах эрсдэлтэй нөхцөлд тус төсөл нь хотын ус хангамжийн баталгаа болох юм.
Гадаргын усыг хуримтлуулснаар жилд 50-100 сая шоо метр усны нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Энэхүү төслийн урьдчилсан судалгаа, техникийн шийдлийг БНЭУ-ын Kalpataru Projects International Limited (KPIL) компани боловсруулж байна. KPIL нь олон улсын хэмжээнд 19,000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүнд буюу 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон туршлагатай компани юм.
Улаанбаатар хот ундны болон үйлдвэрийн усан хангамжаа голчлон газрын доорх гүний усны нөөцөөс хангаж байгаа бөгөөд судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэх төлөвтэй байгаа тул усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байна.
