Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдож эхэллээ

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын 300 айлыг ногоон халаалтын системд холбох төслийг эхлүүллээ.
Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк, Эко Сквер Энержи ХХК хамтран хэрэгжүүлж байна.
Аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас 1 хувийг хөнгөлүүлж, уг мөнгийг нийслэлийн дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжтой бөгөөд энэ хууль Чингэлтэй дүүрэгт анх удаа хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд агаарын бохирдлын өндөртэй бүсэд байрлах гэрээ бүрэн дулаалсан, дулаан алдалтгүй гэрийн батламжтай 300 айл өрхийг ногоон халаалтын төхөөрөмжөөр хангана.
Энэхүү төхөөрөмж нь уламжлалт цахилгаан халаагуураас 3.6-3.8 дахин бага цахилгаан хэрэглэж, урсгал зардал багатай, байгальд ээлтэй технологи юм.
Одоогоор эхний ээлжийн айлууд төхөөрөмжөө амжилттай ашиглаж эхэлсэн байна.
