Хошууч генерал Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаар томиллоо

Хошууч генерал Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаар томилжээ.
Тэрээр 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт олон албан тушаал хашиж байсан.
2012 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2014-2016 онд тус газрын даргаар ажиллаж байв.
2021 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга, 2022 оноос Дотоодын цэргийн штабын дарга зэрэг алба хашиж байжээ.
Өмнө нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүнийг Засгийн газрыг огцруулах жагсаалыг санхүүжүүлсэн гэж мэдэгдэж, албан тушаалаас нь чөлөөлсөн боловч шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандахад түүний талд шийдвэр гарч байв.
Олон нийт түүнийг Хууль зүй дотоод хэргийн сайд Дотоодын цэргийн штабын даргаар томилохыг таамаглаж байсан бөгөөд энэ нь биеллээ олжээ.
Засгийн газар саяхан Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томилж, тэрбээр бригадын генерал Ц.Ням-Очирыг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас чөлөөлсөн байна.
