Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах талаар нааштай тохиролцоонд хүрлээ

Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 31-нд “Рио Тинто” компанийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээрээр Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар нааштай тохиролцоонд хүрсэн байна.
Гэрээнд зааснаар зээлийн хүүг долоон жил тутамд хэлэлцэн бууруулах боломжтой бөгөөд энэ удаагийн хэлэлцээр нь тухайн хугацаа дуусахад ойртсон үед эхэлсэн юм.
Хоёр тал хэлэлцээг үргэлжлүүлж, зээлийн хүүг бууруулах асуудлыг 2025 оны арваннэгдүгээр сард судлан нягталж шийдвэрлэхээр тохиролцсон байна.
Гэсэн хэдий ч Засгийн газраас тавьсан менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах болон засаглалын чанарыг сайжруулах санал “Рио Тинто” компанид хүлээн авагдаагүй бөгөөд энэ асуудлыг тус компани судлах юм.
Монгол Улс эдгээр асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэж чадвал Оюутолгой төслөөс хүртэх өгөөж нэмэгдэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
