Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилуулжээ

“Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Ч” нэртэй иргэн “Poker ….” апплейкшнаар цахим мөрийтэй тоглоом /покер/ тоглож, бусдын дансанд 80 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна.
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь дахин тоглох сэдлийг төрүүлж, тоглогчдыг залилуулах эрсдэлтэй юм.
Энэхүү тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, цаашлаад өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг.
Иргэд цахим орчинд явж буй худал зар мэдээлэлд хууртан өөрийн эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
