Гол мөрөнд мөсний бүрхүүл тогтох төлөвтэй, аюулгүй байдлыг анхааруулж байна

2025-10-30 17:011min
20251030-170147-file.jpeg

Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын сүүлийн арав хоног болон 12 дугаар сарын эхний арав хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ онд гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, машин техник явахад аюулгүй түвшинд хүрэхгүй байх магадлал өндөр байгаа тул мөс цөмрөх аюулаас онцгойлон сэрэмжлэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2025 онд гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа олон жилийн дунджаас:
– Сэлэнгэ мөрөн (Хялганат баг, Зүүнбүрэн сум орчим),
– Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн,
– Эг,
– Хэнтийн нурууны хажуугаас усжих Халх,
– Тэрэлж,
– Алтайн салбар уулсаас усжих Буянт,
– Хангайн нурууны өврөөс эхтэй Завхан,
– Идэр зэрэг голуудад 5-15 хоногоор оройтож эхлэх төлөвтэй байгаа аж.

Монгол орны судалгаатай гол мөрний хувьд 10 дугаар сарын сүүл болон 11 дүгээр сарын эхэн үед голын мөсний үзэгдэл ажиглагдаж, сарын турш мөсний үзэгдэл идэвхтэй үргэлжилсээр 11 дүгээр сарын сүүлчээр битүү мөсөн бүрхүүл тогтдог байна.

Харин Хэнтийн нурууны Ерөө, Хэрлэн, Хангайн нурууны Түй, Увс нуурын савын Чигж зэрэг голуудад 5-10 хоногоор эрт, Орхон (Сүхбаатар сум орчим), Хараа, Сөгнөгөр, Ховд, Булган зэрэг голуудад олон жилийн дунджийн орчим эхлэх хандлагатай байгаа аж.