Т.Аюурсайханыг сулласан гэх мэдээлэл ташаа

2025-10-30 15:101min
20251030-151026-file.jpeg

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт ял авсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг сулласан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархжээ.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг Эрүүгийн хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, 2024 оны нэгдүгээр сард нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж байв.

Гэвч өнөөдрийн байдлаар түүнийг ялласан шүүгчийн тогтоол хэвээрээ байгаа бөгөөд сулласан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг албан ёсны эх сурвалжаас мэдэгдлээ.

Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдуулж байв.

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 2 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн байна.