“Оноос өмнө Нисэхийн тойргоос Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус явуулна” гэлээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замыг өргөтгөж, Нисэхийн тойргоос 120 мянгат буюу Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчуулахаар болжээ. Авто замын өргөтгөл, тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой ажлыг хугацаанд нь дуусгахаар ажиллаж байгааг албаны хүмүүс мэдээллээ.

Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлснээр автобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна.
Одоо Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, оноос өмнө нийтийн тээврийн автобус явуулах зохицуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Дараагийн ээлжид 3, 4 дүгээр хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулах боломжтой эсэхийг судалж байгаа аж.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
