Засгийн газрыг огцруулах акц: Улс төрийн хямрал ба төсвийн эгзэгтэй эрсдэл

2025-10-06 10:471min
medee

УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг намын даргын асуудлаар огцруулах бичигт гарын үсэг зурж эхэлснээр, улс оронд засаглалын хямрал үүсгэж болзошгүй сөрөг үр дагаврууд илэрч байна. Энэхүү үйл явц нь МАН-ын даргын суудлын төлөөх зодоон-оос үүдэлтэй гэх болгоомжлол байхад, улс орны чухал ажлууд хойшлогдох, төрийн тогтворгүй байдал авилгачдад ашигтай байх зэрэг сөрөг талууд үүсэх эрсдэлтэй байна.

Төсөв батлах хугацаа алдагдах, УИХ тарах эрсдэл

Засгийн газрыг огцруулах оролдлого нь Монгол Улсын хувьд хамгийн эгзэгтэй үед тохиож байна. Одоогоор улсын төсөв хэлэлцэх хуулийн хугацаа үргэлжилж байна. Хэрэв Засгийн газар огцорч, шинэ Засгийн газрыг томилох үйл явц эхэлбэл Үндсэн хуулийн дагуу 30 хоногийн хугацаа шаардагдана. Ингэснээр төсөв батлах хугацаа бараг үлдэхгүй болох сөрөг үр дагаварт хүрэх эрсдэл бий. Улмаар төсвийг хугацаанд нь баталж чадахгүй бол, энэ нь цаашлаад Улсын Их Хурал (УИХ) тарах хэмжээнд хүрэх эрсдэл үүсгэнэ. Иймд энэхүү үйлдэл нь улс орныг Засгийн газар огцрох, УИХ тарах засаглалын хямрал руу чирэх вий гэсэн болгоомжлол бий болоод байна.

Тогтворгүй байдал нь авилгачид болон гадны этгээдүүдэд ашигтай

Засгийн газрын огцрох асуудал нь төрийн засаглалыг бужигнаанд оруулах бөгөөд Монгол Улс болон ард түмэнд хортой байх болно.

Харин Засгийн газар тогтворгүй байх нь дараах этгээдүүдэд ашигтай нөхцөлийг бүрдүүлнэ:

  • Гадны гар хөл бологсдод
  • Нүүрсчид
  • Авилгачдад

Зарим иргэд энэхүү үйлдлийг ард түмний амьдралыг бодсон бус, эрх мэдлийн төлөөх дайн эсвэл албан тушаалын наадам гэж харж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлын хор хөнөөлийг илэрхийлж байна.

Тулгамдсан асуудлуудын шийдвэр хойшлогдоно

Улс төрийн энэ бужигнаан нь эдийн засаг болон нийгмийн тулгамдсан чухал асуудлуудын шийдвэрлэлтийг сааруулна.

  • Өвлийн бэлтгэл
  • Багш нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэх шаардлага
  • Баялгийн шударга хуваарилалтын талаарх олон нийтийн хүчтэй хэлэлцүүлэг

“Эдийн засгийн асуудлаа шийдэхийн оронд хов жив яриад сууж байгаа гишүүдэд гомдож байна” гэсэн иргэдийн сэтгэгдэл байгаа нь төрийн энэ үйлдэл хэр их сөрөг үр дагавартайг харуулж байна.

Иргэдийн төрд итгэх итгэл алдагдах

Улс төрчид нэгнийгээ татаж унагаахдаа хувийн ашиг сонирхол бодсон гэж харагдаж байгаа тул “Монголын төр намын дотоод хэрүүлээс болж үргэлж унаж босдог нь хачин” гэж иргэд үзэж байна. Энэ нь төрд итгэл алдагдахад хүргэж байгаа юм.
Мөн Засаг огцорлоо гээд сайн сайхан болохгүй, дараагийнх нь бас л нэг бүлэглэлийн хүн гарна гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Улс төрчдийн энэхүү тогтворгүй үйлдэл болон намын дотоод хагарал нь улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж, ард түмнийг улам зовоож байгааг эх сурвалжууд онцолж байна.