П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэх эсэхийг маргааш шийдэнэ

2025-08-29 13:301min
da0363a645c2f90ca00c173b4c619f33_x3

Багш нар цалин нэмэхийг шаардсан. Харин Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажиллаж буй. Тэд шийдвэрээ энэ сарын 30-ны дотор эцэслэж танилцуулна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл нэг л хоногийн хугацаа үлдээд байна.

Эргэн санавал, 2025.08.18-нд салбарын сайд П.Наранбаяр багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэдэг мэдээлэл өгсөн. Гурван яамны хамтарсан ажлын хэсэг ч энэ талыг барих чигтэй байгаа юм.

Хэрэв 20 хувиар нэмбэл багш нарын үндсэн цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж, хэд болохыг тооцоолъё.

Боловсролын яамны өгсөн мэдээллээр багшийн үндсэн цалин одоо 1,484,000 төгрөг байна. Энэ дүн 20 хувиар нэмэгдэхэд 1,780,800 төгрөг болно. Өөрөөр хэлбэл багш тус бүрийн үндсэн цалин 296,800 төгрөгөөр нэмэгдэх аж.

Харин СӨБ-ын багшийн үндсэн цалин 1,559,000 төгрөг байна. Ингээд тооцвол 311,800 төгрөгөөр нэмэгдэж 1,870,800 төгрөг болохоор байна.

Дээр дурдсан дүн зөвхөн үндсэн цалин бөгөөд үүн дээр багш нар ажилласан жил, зэрэг, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эсэх болон анги дааж авсан зэргээс хамаарч 5-40 хувийн нэмэгдэл авдаг аж.