Х.Нямбаатар: Урьдчилан цэвэрлэх байгууламж барих гэрээ байгуулаагүй ААН-үүдийн бохир усыг 2026 оноос хүлээж авахгүй

2025-08-19 18:00
Screenshot 2025-08-19 131815

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжгүй томоохон эмнэлэг болон бусад 70 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хотын дарга өнөөдөр уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Урьдчилан цэвэрлэх байгууламж барих гэрээ байгуулаагүй ААН-үүдийн бохир усыг 2026 оноос хүлээж авахгүй, үйл ажиллагааг нь зогсооно. ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай бол хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлье, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох хэрэгтэй байна. Урьдчилан цэвэрлэх байгууламж барих гэрээг есдүгээр сард багтааж хийнэ. Эмнэлгүүд хамгийн их бохирдол үүсгэдэг ААН-үүдийн дээгүүрт байгаа. Хойшоо сууж, доошоо малталгүй эмнэлгүүд адилхан урьдчилан цэвэрлэх байгууламж барьж, шилжилт хийнэ.

ААН-үүд 2026-2027 онд багтаж, урьдчилан цэвэрлэх байгууламж барьчихвал Саарал усны үйлдвэрийг 2027 оноос ТЭЦ-үүдэд нийлүүлэх боломжтой. ТЭЦ-үүдэд жилд 20 сая куб.метр цэвэр усыг газрын гүнээс таталгүйгээр саарал ус ашиглавал байгаль дэлхийд ач холбогдолтой төслийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар буцалтгүй болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 700 гаруй сая ам.доллароор ундны усыг цэвэршүүлэх Баруун үйлдвэр, Саарал усны үйлдвэр, Цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Сүүлийн 20 гаруй жил хаягдсан байсан Налайхаас шинэ цэвэрлэх байгууламж руу бохир усыг дамжуулах Туул-1 коллекторын шугам сүлжээг 2026 онд ашиглалтад оруулахаар УСУГ ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрийг дарах нэг төсөл 130 сая орчим ам.доллароор лаг шатааж, 10МВт-ын эрчим хүч гаргах үйлдвэр барих тендерийг арваннэгдүгээр сард зарлах гэж байна. Бидний зүгээс эдгээр ажлыг гүйцэтгэж, ААН-үүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болчихвол үнэрийн бохирдолгүй, цэвэрлэх байгууламжийн усыг дахин ашигладаг болох юм гэдгийг ойлгоорой.

Монгол Улс одоог болтол нэг ширхэг ч лаг боловсруулах үйлдвэргүй юм билээ. 40-50 цэвэрлэх байгууламжтай. Улаанбаатар хотын хэмжээнд лаг шатаах нэг үйлдвэртэй болж байж Гачуурт, Морингийн даваа зэрэг бүх цэвэрлэх байгууламжуудын лагуудыг зөөвөрлөн авчирч эрчим хүч гаргаад үлдсэнээр нь барилгын материал үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг дуусгаад байгаа юм. Үүнд ААН-үүдийн хамтын ажиллагаа хамгийн чухал байна” гэв.

ААН, байгууллагуудын төлөөллийн санал хүсэлт:

ААН-үүдийн төлөөллийн зарим нь цэвэрлэх байгууламж барьж буй ч газар хүрэлцэхгүй, агуулахын барилга барих зөвшөөрөл олгох тусламж хэрэгтэй байгааг хэлж байв.

Хотын даргын зүгээс урьдчилан цэвэрлэх байгууламжийн барилга барих зөвшөөрлийг олгох, тухайн ААН-ийн газрын хэмжээг сунгаж өгөх асуудлыг шийдэж өгөхөөр боллоо.

Харин улсын эмнэлгүүдийн удирдлагуудтай дахин уулзалт зохион байгуулж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих төсөв, ТЭЗҮ-ийг боловсруулах асуудлыг хэлэлцэхээр товлов.

Урьдчилан цэвэрлэх байгууламж барих мэргэжлийн байгууллага бий юу, бид гадаад, дотоодоос өөрсдөө технологи оруулж ирээд ажиллахгүй байвал яах вэ? гэдгийг ААН-ийн төлөөлөл хэлэхэд “Ямар нэгэн компаниар урьдчилан цэвэрлэх байгууламж бариулахыг би зөвлөвөл хууль зөрчсөн үйлдэл болно. Гаднаас ажиллах хүч оруулж ирэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлж, харин ажиллах хүчийг татвараас чөлөөлөх асуудлыг нийслэл хариуцаж болно” гэлээ.

Улаанбаатар хот MNS 6561:2024 стандартын 0-12 ангилалд багтсан нийт 771 үйлдвэр аж, ахуйн нэгжийг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулах гэрээтэй ажилладгаас 470 нь боловсруулах чиглэлийн үйлдвэр, 131 нь эмнэлэг, 170 нь ресторан, цайны газар байна.

Гэсэн ч урьдчилан цэвэрлэх байгууламжтай дөнгөж 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг аж.