Б.Хишигтогтох: Баянхошуунд баригдсан 110 айлын эко орон сууцны 75%-ийг худалдан борлуулна

2025-08-19 17:00
n0gg0p_Screen_Shot_2025-08-19_at_11_08.11_x974

Баянхошуунд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй Улаанбаатар ногоон орон сууц төслийн хүрээнд эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 220 айлын эко орон сууцны барилга угсралтын ажлыг 2023 оны долоодугаар эхлүүлсэн байна. Энэ талаар албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл өгөв.

Улаанбаатар ногоон орон сууц төслийн талаар Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл хэрэгжүүлэх, менежментийн зөвлөх багийн ахлагч Л.Чанцалням “Ногоон орон сууц төсөл 228 сая ам.долларын санхүүжилттэй. 2020 онд төслийг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн явц 13%-тай, 30 сая ам.долларыг зарцуулаад байна.

Төсөл гурван хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг нь халамжийн орон сууц буюу 800 айлын орон сууц юм.

Эдгээр орон сууц нь эко хорооллын зохион байгуулалттай, төвийн шугамаас гадна нарны хавтангийн шийдэлтэй, эрчим хүчний хэмнэлттэй. Төслийн хоёрдугаар шат нь орлогод нийцсэн 4,200 айлын эко орон сууцыг барих юм.

Гуравдугаар шатанд эко орон сууцны санхүүжилтийг сайжруулах юм.

Энэ оноос эхлэн 4,200 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхэлнэ” хэмээн танилцууллаа.

Ногоон орон сууцыг худалдан борлуулах тухайд Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийн зохицуулагч Б.Хишигтогтох “Ирэх сард 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Орон сууцны 25%-ийг нөлөөлөлд өртсөн иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр, 75%-ийг худалдан борлуулна. Худалдсан орлогоороо гэр хорооллын газрыг чөлөөлж, Ногоон орон сууцны сангаар дамжуулан 5,000 айлын орон сууцыг барихад зарцуулна.

Нийт 13 блок орон сууц баригдана. 400 айлын орон сууцыг ирэх онд ашиглалтад оруулж, үлдсэн талбаруудыг чөлөөлнө. Төслийн хүрээнд 5,000 яндан, нүхэн жорлонг хална” хэмээв.

Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төсөл 162 га газрыг хамарна. Тус дэд төвийн хүрээнд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, түр орон сууц, эрчим хүчний дэд өртөө, гэр хорооллын иргэдийг интернэтэд холбох холбоо мэдээллийн байр, 20 айлын туршилтын орон сууц, Баянхошуу уулын бэлд 1,000 м.куб усан сан, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бол 650 хүний суудалтай спорт комплекс барьж байгаа аж.

Инженерийн дэд бүтцээс гадна нийгмийн барилга байгууламжийг барьжээ.