Р.Ганжуур: Өвлийн эрчим хүчний нөхцөл байдал үнэхээр хүнд болж болзошгүй байна

2025-08-19 16:00
45445

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 64 хувьтай байгаа гэсэн сайдын мэдээлэлд инженерүүд итгэхгүй байгаа талаараа хэвлэлээр илэрхийлж эхэлжээ. Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур энэ тухай “Өдрийн сонин”-д ярьжээ.

Тэрбээр “Энгийн хүмүүс энэ үлгэрт итгэж магадгүй. Гэхдээ эрчим хүчний инженерүүд итгэхгүй байна. Яагаад гэвэл “ДЦС-3” дээр том осол аваар гарсан. Эрчим хүчний өвлийн бэлтгэл ажил өнгөрсөн онтой харьцуулахад маш хүнд байдалд байгаа.

Хэрвээ өвөл Улаанбаатар хот хөлдөж, цахилгаан дулааны хангамж тасалдвал хариуцлагыг нь эрхэм сайд Б.Чойжилсүрэн хүлээх ёстой. “ДЦС-3”-д осол гарснаас үүдэн 100Гкал\цаг дулааны дутагдал гарч байгаа. Гэтэл энэ 100Гкал/цаг дулааны- 50 Гкал/цаг -ийг нь Улаанбаатар “ДЦС-4” болон Амгалангийн дулааны станцад шилжүүлнэ. Тиймээс өвөл дулааны хангамж тасалдахгүй. Та бүхэн санаа зоволтгүй гэж яриад байгаа юм. Яаж ингэж ярьж чадаж байна аа.

“ДЦС-4” найман зуух, долоон турбинтай. Өнгөрсөн өвөл найман зуух, долоон турбин бүгд ажилласан. Ямар ч бэлтгэл байхгүй. Арай ядан өнгөрсөн өвлийн их ачааллыг давсан. Гэтэл энэ жил дахиад цахилгаан дулааны ачаалал нэмэгдэж ирнэ гэж бодохоор дөрөвдүгээр цахилгаан станцад үүнийг даах чадал байхгүй. Бодит нөхцөл байдал ийм байхад “ДЦС-4”-өөс дулаан аваад шилжүүлнэ, схемийг нь хийчихсэн байгаа гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Ингэж худал ярьж олон нийтийг төөрөгдүүлж болохгүй.

“ДЦС-4” чинь өөрөө маш хүн нөхцөлд ажиллаж байгаа. Хамгийн энгийнээр хэлэхэд өөрийгөө яая даа гэж яваа станц шүү дээ. Өнгөрсөн өвөл бүх зуух, турбин нь ажилласан. Нэмээд ямар ч бэлтгэл, тоноглол байхгүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад арай ядан нэг жилийг давж байхад энэ жил дахиад “ДЦС-3”-ын ачааллыг өгнө гэж яаж бодож чадаж байна аа. Энэ бол байж боломгүй асуудал. Хэрэв “ДЦС-4”-ийн ес дэх зуухыг барьчихсан байсан бол энэ асуудлыг шийдэж болох байсан. Энэ есдүгээр зуухны талаар сүүлийн гурван жил ярьж байгаа. Уг нь энэ зуухны санхүүжилтийн асуудлыг шийдээд өгөх ёстой байсан юм. Хөгжлийн банкнаас зардлыг гаргаж болох л байсан. Үүнийг эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хөөцөлдөж шийдэх ёстой байв. Гэтэл Б.Чойжилсүрэн 2022 онд Эрчим хүчний яамны сайд болсноос хойш бүтэн гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд “ДЦС-4”-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх нь битгий хэл хойшлуулж, шалтаг хэлсээр яваа.

Монголчууд бүгд Амгалангийн дулааны станц жил бүр доголддог гэдгийг мэднэ. Энэ жил доголдохгүй байх баталгаа байхгүй. Жил бүр доголддог станц өөр дээрээ дахин ачаалал авах нь маш эрсдэлтэй. Тиймээс энэ арга нь баталгаатай, нотолгоотой биш шүү гэдгийг хэлмээр байна. Үүнийг цаасан дээр зураад ярьж болно. Гэвч өвлийн эрчим хүчний нөхцөл байдал үнэхээр өөр хүнд болж болзошгүй байна. Гэтэл үүнийг маш амархан шийдэж болох асуудал шиг яриад буй нь өөрөө асуудал болж байна” гэжээ.