Азийн хөгжлийн банк: Орон сууцны санхүүжилтээр дагнасан банк байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн

Ерөнхий сайд Г.Занданшатар Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах асуудлаар санал солилцохоор Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд онцолжээ. Энэ чиглэлээр олон улсын туршлага нэвтрүүлэх, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын онцлогт тохирсон санхүүжилтийн тогтолцоо бий болгох, орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад байгаа юм.
Улаанбаатар хотын гэр хороололд тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн, орон сууцны санхүүжилтээр дагнасан банк байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин илэрхийлжээ.