Хөвсгөл аймагт бороо их хэмжээгээр оржээ

Цаг уурын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар 0.1-82.2 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон талаар мэдээллээ. Тухайлбал 2025 оны зургадугаар сарын 23-24-ний өдөр болон 27-нд нутгийн зарим газраар 0-26 мм, энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0-32 мм, энэ сарын 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.1-18 мм, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар 0-26 мм, энэ сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0-53, мм, энэ сарын 30-нд шилжих шөнө нутгийн зарим газраар 0-16 мм бороо орсноос долоо хоногийн нийлбэрээр хамгийн их нь Хөвсгөлийн нутгаар буюу Бүрэнтогтохт 82,2 мм, Хатгал, Алаг-Эрдэнэд 68,5-70,9 мм, Шинэ-Идэр 61 мм, Рашаант 51 мм, Цагаан-Үүрт 57,3 мм, Эрдэнэбулган, Арбулаг орчмоор 49,6-50,4 мм бороо, бусад нутгаар 0-48 мм бороо орсон байна.
Зургадугаар сарын 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны 07-р сарын 01-нээс 07-р сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
7-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25…+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.