“Сүүлийн тав хоногт ой, хээрийн түймрийн 22 дуудлага бүртгэгдсэнээс 12-ыг нь бүрэн унтраасан. Төв, Сэлэнгэд гарсан түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна”

Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас ой, хээрийн түймэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлж буй.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар сүүлийн тав хоногт Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 гал түймэр бүртгэгдсэн байна.
Энэ талаар Улсын Онцгой Комисс (УОК)-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Нийт бүртгэгдсэн 22 түймрээс 12 бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хоёр, Ерөө, Алтанбулаг сум гээд нийт долоон түймрийг цурамд оруулсан.
Төв аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын 540 албан хаагч, 74 автомашин, Зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, хил хамгаалах байгууллагын 14 албан хаагч, хоёр автомашин, цагдаагийн байгууллагаас 10 албан хаагч болон орон нутгийн иргэд хамтран ажиллаж буй.
Түймэр гарч байгаа бүс нутгуудад ойрын өдрүүдэд бага зэргийн бороо орсон ч бүрэн унтраах хэмжээгээр орсонгүй. Тиймээс хуурайшилт их байгаа тул түймрийн эрсдэл өндөр байна.
УОК-ын шийдвэрээр ой, хээрийн түймэр гарч байгаа шалтгааныг тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа.
Тус байгууллагаас бидэнд өгсөн мэдээллээр бол он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд гэмт хэргийн 79, зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс зургаа буюу 27.2 хувь нь эзэнтэй болох нь тогтоогдсон бол 16 байгалийн хүчин зүйлээс болсон гэж үзсэн байна” гэв.