Прокурорууд жил бүр Эрхүү хотод мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдана

2019-07-25 10:00
prokuror

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн урилгаар энэ сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийгээд иржээ.

Айлчлалын хүрээнд “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын 2020-2021 оны хамтын ажиллагааны хөтөлбөр”-т хоёр улсын Ерөнхий прокурорууд гарын үсэг зурж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы ОХУ-ын прокурорын байгууллагатай цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тавьсан тодорхой саналуудыг ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка найрсгаар хүлээн авч, Монгол Улсын прокуроруудыг ОХУ-ын Эрхүү хотод жил бүр мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулж байхаар мөн тохиролцжээ.

Хоёр улсын прокурорын газруудын хоорондын ажил хэргийн албан ёсны уулзалтуудыг тогтмол хийж байхаар болсоны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкаг Монгол Улсад урьсан урилгыг тэрээр талархан хүлээн авсан байна.