Нийт нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, гол усны түвшин эрс нэмэгдэж байгаа талаар албаны эх сурвалж өдөр бүр мэдээлж, сэрэмжлүүлэг хүргэсээр байна. Гэвч иргэд хайхрамжгүй байдлаасаа болж голд амь насаа алдах тохиолдол гарсаар байгаа тухай албаны эх сурвалжуудын мэдээ ирсээр байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар “Дэлгэр мөрөн” голд 2 хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат 21 настай залуу М живжээ. Энэ тухай дуудлага энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ар гэрийнхнийх нь хамт нийт 27 хүн эрэн хайж байна. Энэ сарын 24-ний өдрийн байдлаар тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан”,”Ногоон булаг”, “Баян-Эрхэт”, Тосонцэнгэл сумын “Цацын булан” гэдэг газраар нийт 114 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Мөн “Дэлгэр мөрөн” голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан 2 хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат 26 настай залуу Б живсэн тухай дуудлага өчигдөр (2019.07.24) 18:40 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт түр зогсоосон аж. Улмаар өнөөдөр 08:00 цагт эрлийг дахин эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 3 км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Цаашид бүх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо үргэлжлэн орж, гол усны түвшин улам нэмэгдсээр байх тул иргэд аялал зугаалгаар явахдаа голд орохгүй байх, бага насны хүүхдийг голд ойртуулахгүй байх зэргээр өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Бас нэг мэдээллийг хүргэхэд, өчигдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Хядага” гэдэг газар 2 хүн эмийн ургамал түүж байгаад нэг нь сураггүй болжээ. Тус аймгийн Мөрөн сумын Нисэх багийн харьяат 40 настай Э /эрэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг хамт явсан иргэн Т-ээс 22:20 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийн 2 хүний хамт нийт 11 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөө өглөө 08:41 цагт тус багийн “Сөртийн хөндийн-Эх” гэдэг газар иргэн Т-гийн гэрээс Э-г эсэн мэнд олжээ.