ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайен Европын Комиссын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогджээ. Франц улсын Страсбург хотноо Европын парламент өнгөрсөн мягмар гаригт хуралдан, нууц санал хураалт явуулж, 383 гишүүний саналаар түүнийг тус комиссын тэргүүнээр батламжилсан байна. Урсулаг Европын комиссын Ерөнхийлөгчөөр сонгохыг 327 гишүүн эсэргүүцэж, 22 гишүүн түдгэлзжээ.
Өдгөө 60 настай, Германы Батлан хамгаалахын сайд тэрбээр ирэх аравдугаар сарын 31-нээс эхлэн таван жилийн хугацаагаар, 2014 оноос хойш Европын комиссын тэргүүнээр ажилласан Жан Клод Юнкерийн албыг хаших юм. Тэрбээр Европын холбооны гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх, улс төрийн удирдамж өгөх, шинэ хууль боловсруулах, Европын холбооны төсвийг хариуцаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээх ажээ.
Урсула фон дер Лайен санал хураалт эхлэхээс өмнө парламентын гишүүдээс дэмжлэг авах зорилгоор хэд хэдэн амлалт өгсөн байна. Тэрбээр Европын комиссын 28 комиссарыг сонгоход хүйсийн тэгш байдлыг харгалзан үзэж, эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлжээ. Мөн Урсула Европын хүүхдүүдэд үнэгүй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлэх, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн системд хөрөнгө оруулах, татварын уян хатан байдлыг бий болгох зэрэг ажлыг хийнэ хэмээн амалсан байна.
Фон дер Лайен сонгуулийн хариу гарсны дараа сэтгүүлчдэд хандан, “Надад хүлээлгэсэн итгэл бол Европт хүлээлгэж буй найдвар. Уг найдвар нь бие биетэйгээ тэмцэлдэх бус, ирээдүйн төлөө хамтдаа зүтгэхэд оршино” гэж хэлжээ. Урсула Фон дер Лайен Брикситийн хугацааг хойшлуулж болно. Гэвч гэрээг дахин хэлэлцэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Тэрбээр 2005 оноос хойш Германы канцлер Ангела Меркелийн засгийн газарт ажиллаж буй ажээ. Германы канцлер Ангела Меркель Урсула фон дер Лайенд Европын комиссын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, хамтран ажиллахад таатай байх болно хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN