Монгол орны нийт нутгийн 60 хувьд зуншлага сайн буюу Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг хангайн бүс, баруун аймгууд болох Ховд, Баян-өлгий, Увс, Завхан зэрэг нутгаар ургамлын гарц их байгаа аж. Энэ жил хур бороо элбэг байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн зуншлага болоход нөлөөлснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадорж хэлэв. Тэрбээр “Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан долдугаар сарын мэдээллээр энэ жил ган гачиггүй, зуншлага сайтай, сайхан зун болж байна. Зуншлага сайн байна гэдэг нь мал тарга тэвээргээ хангалттай авна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 2019-2020 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоол албажиж гараагүй байна. Уг тогтоол наадмын өмнөх ээлжит хуралдаанаар орсон учир удахгүй намар,өвөлжилтийн бэлтгэлийн талаарх чиг үүрэг албан ёсоор бүх аймаг сумдад хүргэгдэнэ” гэлээ.
Долдугаар сарын байдлаар нийт нутгийн 60 хувьд зуншлага сайн байгаа бол 35 хувьд нь дунд зэрэг, таван хувьд зуншлага муу байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Жинст, Баацагаан, Шинэжинст, Өвөрхангай аймгийн хужир булан, Сант, Төв аймгийн Баян өнжүүл, Дорноговь аймгийн Хөвсгөлийн нутгаар зуншлага тааруу байгаа аж.