“Рио Тинто” групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн гүний уурхайн төслийн хуваарь, зардлын талаарх шинэчилсэн мэдээллийг гаргасан байна.
“Өнгөрсөн таван сарын хугацаанд гүний уурхайн дэд бүтцийн гол байгууламжуудын нэг болох уурхайн удирдлагын өрөө, хацарт бутлуурыг бэлэн болгосон. Харин III болон IV босоо амны барилгын ажил жигд явагдаж байгаа бөгөөд II босоо амыг төлөвлөсөн ёсоор 2019 оны аравдугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Өмнө нь мэдээлж байснаар бидний ашиглаж буй, батлагдсан зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байна. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтайг судалгаанаас харж болно. Мөн гүний уурхайн ашиглалтын үед хүдрийн блокуудыг олборлох дарааллыг эргэн авч үзэх шаардлагатай болж байна.
Энэхүү дүн шинжилгээнээс хамаарч олборлолтын эхний блок буюу “Блок 0”-ийн зураг төслийн эцсийн хувилбар гарах бөгөөд шинэчлэн боловсруулах ажил 2020 оны эхэн хүртэл үргэлжилнэ. Техникийн чанартай бусад асуудлыг тооцож үзвэл нарийвчилсан үнэлгээ 2020 оны хоёрдугаар хагаст бэлэн болохоор байна. Үүнд гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол багтах бөгөөд зураг төслийн сонголтоос улбаалж гарах өөрчлөлтийг тусгасан байна.
Бидний судалж буй загварууд бүгд тогтвортой үйлдвэрлэлд хүрэх замыг зааж өгнө, гагцхүү хуваарь, зардлын ялгаатай юм. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул эцсийн үнэлгээг гаргах хүртэл судалж нягтлах зүйлс их байна.
Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойш билээ. Гэхдээ энэ нь II босоо амны бүтээн байгуулалтын явцад геотехникийн хүндрэл гарч 8 сараар хойшлох эрсдэлийг багтаасан хугацаа юм. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна.
Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна.
Энэхүү урьдчилсан тооцоололд ажлын бүтээмжийг мөн урьдчилан тооцоолж багтаасан болно. Нарийвчилсан үнэлгээг эцэслэн гаргах үед өөрчлөгдөж болзошгүй.
Бид гүний уурхайн зураг төслийн хувилбаруудыг үнэлэх, нягтлахдаа төслийн хуваарь, зардалд үзүүлэх нөлөөллийг аль болох бага байлгахад анхаарах болно. Нарийвчилсан дүгнэлт гаргахын тулд нэмэлт судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа ч “Рио Тинто” 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр гаргах энэ оны эхний хагас жилийн тайландаа Төсөлд оруулаад буй хөрөнгө оруулалтын дүнгээ нягтлан тусгаж, мэдээлэх болно” гэсэн мэдээллийг өглөө.
Өсөлт, инновацийн группийн гүйцэтгэх захирал Стивен Макинтошийн хэлснээр “Бид 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргалаа. Гэхдээ чулуулгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас хүнд байгаа тул гүний уурхайн төлөвлөгөөг дахин нягталж, хэд хэдэн хувилбарыг авч үзэх шаардлагатай болж байна. Ийм өргөн далайцтай, нарийн түвэгтэй төслийг хэрэгжүүлэхэд хугацаа хойшлох явдал цөөнгүй тохиолддог. Манай баг ихээхэн ач холбогдолтой энэхүү төслийг амжилтад хүргэх, зөв хувилбарыг олоход онцгойлон анхаарч байгаа” гэв.
Дээрх үнэлгээ нь урьдчилсан үнэлгээ бөгөөд олон хүчин зүйлээс, тухайлбал 2019 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөөд буй II босоо амны ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэхээс шалтгаалах юм байна. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь төслийн цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул гүний уурхайн зураг төслийн хувилбаруудыг боловсронгуй болгох, ТЭЗҮ-ийн түвшинд хүртэл нарийвчлан боловсруулахын тулд 2020 оны 2 дугаар хагас хүртэл ихээхэн ажил хийх шаардлагатай байгаа аж.