Дэлхийн 75 улсад 150 мянга гаруй Монголчууд ажиллаж, амьдардаг. Үүнээс хамгийн олон нь буюу 50 мянга орчим нь Өмнөд Солонгост боолын хөдөлмөр эрхэлж буй. Тэд маань 32 шүдээ нэг бүрчлэн тоолуулж, хавирганы нугаламаа бүртгүүлж, хошногоны нүхээ ухуулж түнхүүлсний эцэст цоо эрүүл нь шалгарч, тус улсыг зорих визний бурханд ивээгддэг.
Тэд л Солонгосчуудын голоод хийдэггүй ажлыг нугалж, эхнэр хүүхдээсээ хол амьдын хагацал үзэж амьдарсны эцэст өвчин хуучиндаа баригдан, эсвэл алтан шарил нь ачигдаж ирдэг нь нуухын аргагүй үнэн болжээ. Энэ цуваа энэ янзаараа зогсохгүй нь…Үүнийг олон хүн улс орны эдийн засгаас болж байна гэж тайлбарладаг.
Уг нь бидэнд МАЛАА ГАРГАХ УУ? ХҮНЭЭ ГАРГАХ УУ? гэсэн сонголт бий.
Монгол Улс өнөөдөр 80 сая гаруй толгой малтай. Жил бүр 20 сая төл хүлээж авдаг гэвэл энэ тоо ирэх жил 100 сая хол давна.
Түүх сөхөж үзвэл манай улс 1991 онд 25 сая толгой малтай байхдаа 240 мянган тонн мах экспортолдог байжээ. Харин үүнээс 26 жилийн дараа буюу 2017 онд 66.7 сая толгой малтай болсон хирнээ ердөө 72 мянган тонн мах буюу 3.5 сая толгой мал л экспортолжээ. Энэ тэгээд Хөгжил үү? Хоцрогдол уу?
Монгол мал минь харьд одох нь, тэд маань зовох нь хэмээн толгой шаан эх оронч гэхээсээ элий балай зан гаргадаг хүмүүст энэ бол “ХӨГЖИЛ” байх. Харин Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувийн бэлчээрийн даац нь хэтэрч, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа үед бол энэ нь “ХОЦРОГДОЛ”
Одоогийн байдлаар зөвхөн Дорнод, Өмнөговь, Дорноговь аймагт л мал сүргээ нэмж өсгөх бэлчээрийн боломж хагас хугас байна гэсэн судалгааг доктор С.Цэрэндашийн тэргүүлсэн судалгааны төслийн баг хийжээ.
Бод малыг 6 богоор тооцож үзвэл манай улс 80 сая гаруй ч биш 110 гаруй сая толгой малтай. Дээр дурдсан судалгааны багийн тооцоолсноор манай улс дээд тал нь 66 сая толгой малтай байх ёстой юм бол хэдийнээ 37.6 хувийн илүүдэлтэй байна.
Гэтэл 2017 онд бид дулааны болон гүн хөлдөөлтийн аргаар боловсруулсан 72 мянган тонн мах экспортолжээ. Үүний 52 мянган тонныг нь урд хөрш рүү, 20 мянган тонныг нь ОХУ, Иран руу гаргаж.
Тэгвэл жилдээ 20 сая төл хүлээн авдгийн 10 саяыг нь хүнсэндээ хэрэглэж, 3.5 сая малыг экспортолдог гэж тооцвол цаана нь жил бүр 7 сая орчим мал эдийн засгийн эргэлтэд оролгүйгээр зуд турханд нүд аньж, үнэгүйдэж байна.
Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр “Монгол мал”-ыг Хятад руу зөөх нь, ариун дагшин Монгол малыг минь идэх нь, удам сударт минь сэв суулаа хэмээн эх орончид цээжээ дэлдэх юм.
Тэгвэл хэдэн мянган “Монгол залуус” харийн орныг зорьж боолын хөдөлмөр эрхэлж байхад хэн ч яагаад нэг ч үг хэлэхгүй байгаа юм бэ? Харин ч зуд турхнаар явчихдаг хэдэн “Муу мал”-аа шилээд экспортлоод эхэлбэл эдийн засагт өгөөжөө өгч, тэдгээр залуус эх орноосоо дүрвэхгүй, адаглаад л малчин болоод малынхаа буянд сайхан амьдрах ч юм билүү.
Муу малаа экспортолж эхэлснээр эрүүл сүрэг нь шилэгдэн үлдэж, тэр ч байтугай жин ихтэй мал нийлүүлэхийн тулд малаа төрөлжүүлэн өсгөх зэргээр нааштай өөрчлөлт гарч эхлэнэ. Монгол Улсын маань цөлжилт ч буурна.
Эцэст нь бидэнд ХҮНЭЭ ГАРГАХ УУ? МАЛАА ГАРГАХ УУ? гэсэн сонголт бий.
Н.Жаргалмаа